Wednesday, December 30, 2015

2015 он минь баяртай...

          Сэвсгэр цагаахан цастай, сүлд ногоон модтой мөнгөн өвлийн хамгийн тансаг баярыг шинэ жил гэж хэлмээр байна. Чухамдаа нэгэн оныг үдсэн, ажил амьдралдаа дүгнэлт хийсэн тэнүүн ухаарал, бэлэг авч хөөрсөн багачуудын инээмсэглэл, шинэ зорилго, зорилт дэвшүүлсэн шийдмэг зан гээд хүний мөн чанарын олон тусгалыг шингээсэн болохоор "тансаг" хэмээн тодотголоо. Ханан дахь хуанлийн тоо 12 дугаар сарын 31-ний өдрийг зааж, 2016 он хаалга тогшиж байна. Энэ л өдөр ирэх оныхоо хийж бүтээх бүхнийг төлөвлөн, цаасан дээр буулгаж сууна. Миний амьдралд цор ганц тохиох энэ өдрийг тодоос тод тэмдэглэн үлдээе.
           2015 он эмэгтэй хүний хувьд, эх хүнийхээ хувьд надад хариуцлагатай үүрэг оноосон жил байлаа. Ам бүлд минь шинэхэн зочин ирж, 1 дүгээр сарын 25-нд бяцхан охиноо өлгийдөн авснаар энэ жилийн үндсэн ажил минь эхэлсэн. Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж "хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо" хэмээн билэгшээн угтдаг ёс уламжлалтай. Эгчийнхээ төрсөн өдрийн хүслийг биелүүлж, бидэнд хайр дагуулан ирсэн энхрийхэн, өхөөрдөм үр минь өнөөдөр 11 сар хүрч байна. Эрт хөлд орж, ээж аав гэж хэлж сурсан бяцхан охиндоо энэхэн мөчид аз жаргалтай, эрүүл энх, урт удаан амьдралыг хүснэ...
            Монгол улс 3 сая дахь иргэнээ угтан авах гэж хоног, өдөр тоолон хүлээсэн торгон мөчид үр минь бидэнд ирсэн нь мартагдашгүй үйл явдал болсон юм. Хүмүүс бид энэ дэлхийд нэгэн биеийг олж төрөхдөө өөрийн хувь тавилан ямар байхыг мэддэггүй. Гагцхүү бурханы зурсан зураг төөрөг л тэрхүү зам мөрийг нь зааж яваа гэдэгт итгэдэг. Магадгүй охины минь мэндэлсэн өдөр ч бас утга учиртай байх. 12 дугаар сарын 24-нд Монгол улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгаас тодорч, Монголжин охин төрсөн бол миний охин 25-нд мэндэлж, үе чацуутан болсон. 
        Бусдаар бол бууз хуушуур гэдэг шиг 2015 он тайван жил байлаа. Үр минь бяцхан болохоор өсгөх нь хамгийн том хариуцлага байсан бөгөөд энэ үүргээ ч сайн биелүүлж байгаа гэж бодогдоно.
        Мөн 12 дугаар сард ирэх онд эхлүүлэх ажлынхаа анхны алхамуудыг тавьлаа. Хүн зорилготой, хүсэл мөрөөдөлтэй байвал түүндээ хэзээ нэгэн өдөр заавал хүрнэ гэдэгт би итгэдэг. Өнөөдрийг аргацаасан, маргаашид тэмүүлэх хүсэл эрмэлзлэлгүй бол энэ амьдрал утгагүй байх биз. Тиймдээ ч мөрөөдлийнхөө нэгээхэн хэсэг болох "Нар туссан цаг" сониноо ихэр дүүтэй болгохоор шийдэж, энэ алхамыг тавьсандаа яагаад ч юм баяртай байна. Хүндхэн даваа байж болох ч амьдралын сорилтыг даван алхам алхамаар урагшлах тэвчээр, хатуужил надад бий. Хэцүү бүхний ард, гэрэл гэгээ тусч л таараа. Санасан бүхнээ бүтээхийн төлөө хичээх болно. 
           2016 онд шинэ амьдрал өрнөнө. Надад шинэ бодол, шинэ ирээдүй өгсөнд чинь талархан, би түүний төлөө УРАГШАА тэмүүлэх ёстой болохоор 2015 он чамд БАЯРЛАЛАА гэж хэлээд, үдье.




Saturday, October 24, 2015

Амралтын өдрийн сэтгэл сэргээсэн гоё үг


Бенеттоныхон



             Бусдын түүх, амжилтанд хүрсэн хэн нэгний зөвлөгөө та бидэнд үнэтэй сургамж болдог нь гарцаагүй. Тэрхүү амжилтын түлхүүрийг атгасан хэн боловч өөрийн нууцаа тэр бүр хүмүүст хэлээд байдаггүй гэнэ лээ. Тиймээс өөрт таалагдсан зарим түүхээс сөхөж, блогтоо үлдээе гэж бодлоо.
                                                           
                                                  Гэр бүлсэг ажил хэрэг
            "Юнайтед колорз оф Бенеттон". Энэ нэр танд нэгийг өгүүлэх буй заа. Загвар, үзэмж сайтай, үнэ хямд хувцсаараа алдаршсан фирм. Гэхдээ дуулиан шуугиантай рекламаараа бүр ч их алдаршсан. Чухам "хашхираа" реклам нь "Бенеттоныг" хувцасны тэргүүн фирмүүдийн тоонд оруулсан билээ. Италийн Бенеттоны гэр бүлийн 4 гишүүн 1965 онд "Бенеттон груп" хэмээх хувцас үйлдвэрлэгч компанийг байгуулжээ. Эдний бизнесийн нэг гол онцлог нь зөвхөн гэр бүлээрээ, эвтэй найртайгаар, тэгш эрхтэйгээр ажил хэргээ эрхэлдэгт оршино. Заримдаа энэ л гэр бүлийн харилцаа нь хамгаас млүү байдаг юмуу даа гэлтэй халуун дулаан уур амьсгалтай байдаг улс.
               Ах дүү 4 бүгд Италийн хөдөө нутгийн Венето хотын Тревизо дүүрэгт төрсөн. Тэдний амжилтын түүх 1955 оноос буюу Идэрхэн залуу Лучиано, түүний дүү Жулианагаас эхтэй. Жулиана 5 настайгаасаа л эмээгээ дууриан нэхэж, хатгах дуртай болсон бөгөөд цаг улирах тусам ур чадвар нь ахиж өссөөр, супер нэхмэлчин, моод загварын бяцхан мэргэжилтэн болсон юмсанжээ. Хэзээ нэгэн цагт энэ нь гэр бүлийг нь баян тансаг болгоно гэдгийг хэн ч таамаглаагүй байв. Жулианагийн хүүхэд ахуйдаа нэхсэн цамцыг Лучиано дугуй унан байж зарж борлуулдаг байлаа. Насанд хүрч, бизнес эрхлэх боломжтой болонгуутаа л ах дүү 2 хуримтлуулсан мөнгөөрөө нэхмэлийн машин худалдан авчээ. Энэ нь тэдний балчир багын ажлыг жинхэнэ бизнщсийн голдрилд оруулсан нь мэдээж. Залуусын бүтээгдэхүүнийг чухам л булаалдан авцгаана. Орлого ашиг нь үнэмшмээргүй их өсч байв. Ингээд Лучиано Венето дүүрэгт нэхмэл цамцны жижиг дэлгүүр нээв. Жильберто, Карло 2 дүү нь ч тусд оржээ.
               1965 онд нэг дүү нь Беллуно хотод, жилийн дараа нөгөө дүү нь бүр Парист дэлгүүрээ нээв. Компани нь олон зуун ажилтантай болж, Лучиано захирал, Жильберто зөвлөх, Карло борлуулалтын менежер, Жулиана дизайнерийн алба хашиж байлаа. Одоо Бенеттон дэлхийн хувцас үйлдвэрлэгчдийн хамгийн томоохон нь болсон. Дэлхийн өнцөг булан бүрт тэдний 9 том үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Бенеттон ийм л түгээмэл төдийгүй, чамин дэгжин гэдгээрээ алдартай. 1971-1981 онд Бенеттоныхон маш хурдацтай хөгжиж, үүнээс болж 1977 он гэхэд Итали улс Европын нэхмэл хувцас үйлдвэрлэгч хамгийн том орон болсон юм.
               Үйл ажиллагаагаа өргөжүүлэж, гадагшаа тэлэхээр шийдсэн ах дүүс АНУ, Японд анхны экспорт хийсэн нь маш амжилттай, нүдээ олсон хэрэг байв. 1988 онд Италид худалдаа мухардалд орох үед Бенеттоныхон рекламны аймшигт "бөмбөг"-ийг бэлтгэжээ. Тэд рекламандаа ямар ч хязгаарлалт тавихгүй, зөвхөн олныг гайхашруулсан, цочирдуулсан реклам гаргаж байх болно гэж шийдэв. Үүний тулд хэн бүхэнд таашаагдаад байдаггүй рекламчин Балданог урьж ажиллуулав. Тэрээр дуртай ажлаа чөлөөтэй хийх боломж олдсонд хагартлаа барялаж, ханцуй шамлан ажилдаа оржээ. Аварга арсланд элдүүлэн зугтаж, үхтлээ айсан яваа бүсгүйн зургийг гаргаж ирэв. Алдар цуутай хүмүүсийг элэглэв. Түүхэн үйл явдлыг гуйвуулав. Настан ахмадуудыг залуу болгжо хувиргав. "Бенеттоны" орлого ашиг улам ч их өслөө. Хэл ам, хэрүүл шуугиан ч өслөө, тэр нь ч бас реклам болж хувирав. Хийсэн рекламнаасаа болж Балдано ч хөөгдөж, хямралыг ч даван туулсан байв.
                   Удалгүй Лучиано улс төрд хүч үзэхээр шийдэж, Бүгд найрамдах намаас нэр дэвшин, 1992 онд Италийн Сенатын гишүүн боллоо. Тэд "Бенетто груп"-ээ авч явахын зэрэгцээ "Эдиционе холдинг" компанитай. Тус компаниараа дамжуулан Италийн автозамын 2/3-ыг хянадаг "Автостраде"-гийн 37%, зам дагуух зочид буудлын сүлжээ "Автогрилл"-ийн 67%, мөн Венец дэх "Монако" зочид буудал зэргийг эзэмшдэг. Үе залгамжлагчдаа хэдийнэ нэрлэсэн "Бенеттоны ах дүү дөрвөл" гэр бүлийн бизнесийг маш амжилттай хийж, олон улсын корпораци болгон хөгжүүлсэн түүх ийм.


Амьдрал ихийг заах юм даа...

    Хэн нэгэндээ салхийг нь зүсэж өгч, амьдралын ачаанаас нь ээлжлэн үүрэлцдэг галуун цуваатай адилхан бай. Хэн хэндээ ашигтай гэдгийг ухаарч, хоолоо хуваан иддэг тумбаш шиг бай. Өрөвч зөөлөн сэтгэлээр хэнийг ч үл ялгах ингэн тэмээний уужим сэтгэлээр бусдад хандаж бай. Хэлсэн үг бүрийг нь алдалгүй сонсож чадах хэлэмгий тоть шиг сонсогч бай. Өөрт байгаа бүхнээрээ эзэндээ үнэнч байдаг нохой шиг найз нөхөддөө үнэнч бай...

Уучил,тэгээд урьдынхаараа инээмсэглэ

           Хэн нэгэнд гомдчихоод нөгөө сэтгэл гээч гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй орон зайн мухарт нэг тээглэсэн хар юм байлгаад байх хэцүү. Ер нь тэгж явснаас уучилчихвал өөртөө ч, өрөөлд ч амар санагдана. Ингэж бичихийн учир бас бий. Цаг хугацаа бүхний эмч гэж үнэн болохыг 2 найзад минь тохиолдсон явдал тод томруунаар харууллаа. Жижигхэн зүйлээс болж ам зөрсөн тэднийгээ 2 жилийн дараа уулзчихаад хуучнаа дурсан, чин сэтгэлээсээ инээмсэглэж суухыг харах сайхан байна. Нэг нь "уучлаарай" гэхэд нөгөө нь "уучилсан" гэж хэлсэн ч үнэндээ өнөөдрийг болтол тэр үг үйл болоогүй байсан юм. Ийм нэг сэтгэл цэлмээсэн өдөр ирээсэй гэж би хувьдаа мөн ч их бодсонсон. Хэдийгээр ам зөрж, муудалцсан ч хэн хэнийх нь сэтгэлийн мухарт нэг уулзахсан, ярилцахсан, эсвэл бүр хамтдаа нэг сайхан дуу дуулахсан гээд элдвийн бодол хөвөрдөг байсан биз. Өнгөрсөн жилүүдэд дэндүү үнэтэй өдөр хоногууд хийсэн одсон. Гэвч уучлалаар зүрхээ дүүргэсэн найзууд минь ирэх олон олон он жилийг хамтдаа элээнэ гэдэгт итгэлтэй байна. Басхүү энэ гэгээлэг уулзалтыг уучил, тэгээд урьдынхаараа инээмсэглэ гэж тэдэндээ ерөөмөөр байна.
           Хүн сэтгэлийн амьтан гэдэг дээ. Тиймдээ ч хэн нэгний хэлсэн урмын үг, магтаал сайшаал, талархал хүнийг "усалж, ургуулж" байдаг биз. Нэг зорилгын төлөө, нэг замаар хөтлөлцөн алхаж буй найзууд минь атгасан гараа алдалгүйгээр зөвхөн "Урагшаа" гээд л зүтгээд байхаас яахав. Энэ цаг үе бидэнд зориулагдсан болохоор тэр шүү.

Sunday, October 11, 2015

Найдвартай байх гэдэг найзын мөн чанар

          Хэд хоногийн өмнө Сайнжаргал эгчийн бичсэн найзын тухай шүлгийг олж уншаад яасан ч үнэн үгтэй юм гэж дотроо бодсонсон. Чухамдаа тэр шүлгийг уншаад хэн нэгнийг сайн найз минь байгаасай гэж хүсэхээс илүүтэй сайн найз нь байхсан гэсэн бодол төрөв. Энэ удаа найзын тухай бодлоо бичихээр шийдлээ. Ээж аав, эгч дүүстэй минь эн зэрэгцэж орон зайгаа эзэлсэн, энэ амьдралын тулах нэгэн багана нь найз гэж би боддог. Угтаа "найдвартай байх" гэдэг утга найзын мөн чанар болов уу. Хүн бүрт л найз байдаг. Өгсөж уруудаж, унаж боссон энэ амьдралд "найз аа" гээд яваад очих хэн нэгэнтэй байна гэдэг хамгийн сайхан. Хааяа нэг уйдах үе байдаг даа, тэр үед хэнтэй ярилцах вэ, хэн дээр очиж "буу халах" вэ гэж бодогдох нь бий. Нөгөө сургуулийн найз, шоуны найз гээд л найзыг хэдэн төрөлд ангилдаг шиг ярьдаг найз, сонсдог найз гээд л олон тодорхойлолт хөврөх бололтой шүү. Хар санаа суугаагүй хүүхэд насны үерхэл минь найз гэдэг ойлголтыг "нандин" гэж  тодорхойлно. Үрийн зулай үнэрлэж, айл гэрийн эзэгтэй болсон насан багын найзууд минь нөгөө л байдаг зангаараа, "хүүе ээ чи минь" гээд мөр алгадаад инээмсэглэх тэр л төрхөөрөө сэтгэлд буудаг болохоор хиргүй тунгалаг юм байна.
       Харин хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн, бүхнийг мэдэх гэж хичээсэн тэр он жилүүд бол оюутан нас. Хүсэл сонирхол ижил, ааш араншингаараа төстэй, энэ маань ийм үед ингэдийн гээд үл тоосон шиг суух тэдгээр найзуудаа би оюутны ширээний араас л олж авсан. Хэн нь юунд дуртайг, ямар зүйл шохоорхдогийг андахгүй гэж жигтэйхэн. Эгэл жирийн хэрнээ надад хамгаас эрхэм энэ найзууд минь нөхөрлөл гэдэг үгийн утгыг илэрхийлдэг юм. Өөрт тохиолдсон сайн, муугийн алийг ч ярьсан тэд ойлгох учраас тэр. "Би олон найзтай" гэж хэлэх амархан. Гэвч үнэхээр найзын утгыг илэрхийлсэн найдвартай байх чанарыг эхлээд өөрөөсөө эрэх хэрэгтэй юм шиг санагдана. 
        Нөгөө томчуудын ярьдгаар одоо л амьдралыг жинхэнэ утгаар нь үзэж, харж, амталж явна, хөөрхий. Ингэж яваад учирсан найзуудаа харин "амьдралын найзууд" гэж нэрлэе. Сайхан бүхнээ дуу аялан хуваалцаж, саар бүхнээ шийдэх гэж "толгойгоо гашилгаж" явахад түшиг болдог болохоор амьдрал бидэнд үнэтэй сургамж өгдөг юм. Хэн нь ч байсан найз минь мөн болохоор найдвар тээсэн бурханы элч гэж би  хувьдаа бодно. Унаад босоход ухаарах сэтгэлийн дэм өгдөг байвал тэр найз. Өвдөх гуних үед өрөвдөж бус хайрлаж чаддаг бол тэр найз. 
       Баяр гунигтай бүхнийг минь хуваалцаж, урам зориг, итгэл найвар өгч, намайг шүүмжилж, басхүү хурцалж байдаг найзууддаа юунаас ч илүүтэй баярлана. Итгэл найдвар тээсэн бурханы элчис болохоор нь та нартаа сэтгэлийн угаас сайхан бүхнийг хүснэ...би. Намайг тойрон хүрээлсэн бүх найзууддаа Сайнаа эгчийнхээ шүлгийг зориулъя.
Найз минь
Чамайг сорчилж биш хүндэлж би харьцана
Харин анд минь чи,
Намайг сонжиж биш итгэл өгч шинжээрэй
Найз минь,
Чамайг цуурхлаар биш өөрөө таньж нөхөрлөнө
Харин анд минь чи,
Намайг далд өөлөлгүй өөрт минь хэлж үерхээрэй

Ааш минь амаргүй шүү, уучлахыг хичээгээрэй
Арчаагүй бодолгүй цайлган шүү, ажаарай
Үг минь хатуу шүү, ухаж ойлгохыг мэрийгээрэй
Өөртөө зөв өгч мэднэ шүү, ухааруулж зэмлээрэй
Чи хэрэв мөнгөтэй бол, хааяа зээлж мэднээ
Чамд эрх тушаал бий бол, хэрэг болж магадгүй ээ
Харин чи ядуу бол, өөрт байгаагаа илүүчилнээ
Хамаагүй ээ ядруу байсан ч, дотны хүн чинь байнаа
Нөхөрлөл үнэнч тууштай бол сайхан
Нялуун хачиргүй шулуун бол дээдлэм
Адгийн ховонд самуурахгүй бол бишрэм
Алдаж явахад хөндийрөхгүй бол түшиг
Найз минь

Thursday, October 1, 2015

Ургаад л байхсан...

       Бичнэ дээ гэж бодсоор блогоо нээгээд 2 жил болчихжээ. Бодоод байхад завгүй хэрнээ завтай энэ амьдрал минь надад бичиж суух зав өгөөгүй байсан бололтой,кк. Харин энэ намар бичих зав гараад л. Бяцхан үрээ өсгөх "их" ажлынхаа хажуугаар бодол ээдүүлж суухаар бичиж суувал дээр санагдлаа. Хүн бүрийн хувь зохиол бурханы зурсан зураг төөргөөр яваа гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч миний урьд насанд хийсэн сайн сайхан үйл хийгээд гэм нүглийн алийг боловч бурхан аль хэдийнэ дэнсэлж, энэ насны минь тоог зурчихсан л байгаа байх. Амьдрал үзэж туулах зүйлээр арвин юм болохоор үдлээд буцах хүмүүний амьдрал надад богино санагддаггүй. Хэзээ буцахаа мэдэхгүй ч би сайхан бүхнийг надад илгээсэн бурханд өдөр бүр талархана. Басхүү хэн нэгнээс хайр нэхэж амьдрахаас илүүтэй намайг таньдаг хүмүүст хэрэгтэй нэгэн байхсан гэж хичээнэ. Энэ бодлоороо өглөө бүрийг угтахад сайхан байдаг юм. Өдөр бүр өнгөлөг гэрлээр ивээж, маргааш бүхэн өнөөдрөөс илүү сайхан байдаг болохоор би өөрийн амьдралдаа дэндүү их хайртай...
      Ингээд дотоод сэтгэлээсээ өөрийгөө хайх орон зайд минь тавтай морил, эрхэм анд минь...
        Яг л энэ хаврын цэцэгс шиг өнгө ялдам, үнэр тансаг, ургаад л байхсан...