Сэвсгэр цагаахан цастай, сүлд
ногоон модтой мөнгөн өвлийн хамгийн тансаг баярыг шинэ жил гэж хэлмээр
байна. Чухамдаа нэгэн оныг үдсэн, ажил амьдралдаа дүгнэлт хийсэн тэнүүн
ухаарал, бэлэг авч хөөрсөн багачуудын инээмсэглэл, шинэ зорилго, зорилт
дэвшүүлсэн шийдмэг зан гээд хүний мөн чанарын олон тусгалыг шингээсэн
болохоор "тансаг" хэмээн тодотголоо. Ханан дахь хуанлийн тоо 12 дугаар
сарын 31-ний өдрийг зааж, 2016 он хаалга тогшиж байна. Энэ л өдөр ирэх
оныхоо хийж бүтээх бүхнийг төлөвлөн, цаасан дээр буулгаж сууна. Миний
амьдралд цор ганц тохиох энэ өдрийг тодоос тод тэмдэглэн үлдээе.
2015 он эмэгтэй хүний хувьд, эх хүнийхээ хувьд надад хариуцлагатай
үүрэг оноосон жил байлаа. Ам бүлд минь шинэхэн зочин ирж, 1 дүгээр сарын
25-нд бяцхан охиноо өлгийдөн авснаар энэ жилийн үндсэн ажил минь
эхэлсэн. Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж "хүү
төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо"
хэмээн билэгшээн угтдаг ёс уламжлалтай. Эгчийнхээ төрсөн өдрийн хүслийг
биелүүлж, бидэнд хайр дагуулан ирсэн энхрийхэн, өхөөрдөм үр минь өнөөдөр
11 сар хүрч байна. Эрт хөлд орж, ээж аав гэж хэлж сурсан бяцхан охиндоо
энэхэн мөчид аз жаргалтай, эрүүл энх, урт удаан амьдралыг хүснэ...
Монгол улс 3 сая дахь иргэнээ угтан авах гэж хоног, өдөр
тоолон хүлээсэн торгон мөчид үр минь бидэнд ирсэн нь мартагдашгүй үйл
явдал болсон юм. Хүмүүс бид энэ дэлхийд нэгэн биеийг олж төрөхдөө өөрийн
хувь тавилан ямар байхыг мэддэггүй. Гагцхүү бурханы зурсан зураг төөрөг
л тэрхүү зам мөрийг нь зааж яваа гэдэгт итгэдэг. Магадгүй охины минь
мэндэлсэн өдөр ч бас утга учиртай байх. 12 дугаар сарын 24-нд Монгол
улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгаас тодорч, Монголжин охин төрсөн
бол миний охин 25-нд мэндэлж, үе чацуутан болсон.
Бусдаар бол бууз хуушуур гэдэг шиг 2015 он тайван жил байлаа. Үр минь
бяцхан болохоор өсгөх нь хамгийн том хариуцлага байсан бөгөөд энэ үүргээ
ч сайн биелүүлж байгаа гэж бодогдоно.
Мөн 12 дугаар сард ирэх онд эхлүүлэх ажлынхаа анхны алхамуудыг тавьлаа.
Хүн зорилготой, хүсэл мөрөөдөлтэй байвал түүндээ хэзээ нэгэн өдөр
заавал хүрнэ гэдэгт би итгэдэг. Өнөөдрийг аргацаасан, маргаашид тэмүүлэх
хүсэл эрмэлзлэлгүй бол энэ амьдрал утгагүй байх биз. Тиймдээ ч
мөрөөдлийнхөө нэгээхэн хэсэг болох "Нар туссан цаг" сониноо ихэр дүүтэй
болгохоор шийдэж, энэ алхамыг тавьсандаа яагаад ч юм баяртай байна.
Хүндхэн даваа байж болох ч амьдралын сорилтыг даван алхам алхамаар
урагшлах тэвчээр, хатуужил надад бий. Хэцүү бүхний ард, гэрэл гэгээ тусч
л таараа. Санасан бүхнээ бүтээхийн төлөө хичээх болно.
2016 онд шинэ амьдрал өрнөнө. Надад шинэ бодол, шинэ ирээдүй өгсөнд
чинь талархан, би түүний төлөө УРАГШАА тэмүүлэх ёстой болохоор 2015 он
чамд БАЯРЛАЛАА гэж хэлээд, үдье.
No comments:
Post a Comment