Хэн нэгэнд гомдчихоод нөгөө сэтгэл гээч гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй орон зайн мухарт нэг тээглэсэн хар юм байлгаад байх хэцүү. Ер нь тэгж явснаас уучилчихвал өөртөө ч, өрөөлд ч амар санагдана. Ингэж бичихийн учир бас бий. Цаг хугацаа бүхний эмч гэж үнэн болохыг 2 найзад минь тохиолдсон явдал тод томруунаар харууллаа. Жижигхэн зүйлээс болж ам зөрсөн тэднийгээ 2 жилийн дараа уулзчихаад хуучнаа дурсан, чин сэтгэлээсээ инээмсэглэж суухыг харах сайхан байна. Нэг нь "уучлаарай" гэхэд нөгөө нь "уучилсан" гэж хэлсэн ч үнэндээ өнөөдрийг болтол тэр үг үйл болоогүй байсан юм. Ийм нэг сэтгэл цэлмээсэн өдөр ирээсэй гэж би хувьдаа мөн ч их бодсонсон. Хэдийгээр ам зөрж, муудалцсан ч хэн хэнийх нь сэтгэлийн мухарт нэг уулзахсан, ярилцахсан, эсвэл бүр хамтдаа нэг сайхан дуу дуулахсан гээд элдвийн бодол хөвөрдөг байсан биз. Өнгөрсөн жилүүдэд дэндүү үнэтэй өдөр хоногууд хийсэн одсон. Гэвч уучлалаар зүрхээ дүүргэсэн найзууд минь ирэх олон олон он жилийг хамтдаа элээнэ гэдэгт итгэлтэй байна. Басхүү энэ гэгээлэг уулзалтыг уучил, тэгээд урьдынхаараа инээмсэглэ гэж тэдэндээ ерөөмөөр байна.
Хүн сэтгэлийн амьтан гэдэг дээ. Тиймдээ ч хэн нэгний хэлсэн урмын үг, магтаал сайшаал, талархал хүнийг "усалж, ургуулж" байдаг биз. Нэг зорилгын төлөө, нэг замаар хөтлөлцөн алхаж буй найзууд минь атгасан гараа алдалгүйгээр зөвхөн "Урагшаа" гээд л зүтгээд байхаас яахав. Энэ цаг үе бидэнд зориулагдсан болохоор тэр шүү.
No comments:
Post a Comment