Хэд хоногийн өмнө Сайнжаргал эгчийн бичсэн найзын тухай шүлгийг олж уншаад яасан ч үнэн үгтэй юм гэж дотроо бодсонсон. Чухамдаа тэр шүлгийг уншаад хэн нэгнийг сайн найз минь байгаасай гэж хүсэхээс илүүтэй сайн найз нь байхсан гэсэн бодол төрөв. Энэ удаа найзын тухай бодлоо бичихээр шийдлээ. Ээж аав, эгч дүүстэй минь эн зэрэгцэж орон зайгаа эзэлсэн, энэ амьдралын тулах нэгэн багана нь найз гэж би боддог. Угтаа "найдвартай байх" гэдэг утга найзын мөн чанар болов уу. Хүн бүрт л найз байдаг. Өгсөж уруудаж, унаж боссон энэ амьдралд "найз аа" гээд яваад очих хэн нэгэнтэй байна гэдэг хамгийн сайхан. Хааяа нэг уйдах үе байдаг даа, тэр үед хэнтэй ярилцах вэ, хэн дээр очиж "буу халах" вэ гэж бодогдох нь бий. Нөгөө сургуулийн найз, шоуны найз гээд л найзыг хэдэн төрөлд ангилдаг шиг ярьдаг найз, сонсдог найз гээд л олон тодорхойлолт хөврөх бололтой шүү. Хар санаа суугаагүй хүүхэд насны үерхэл минь найз гэдэг ойлголтыг "нандин" гэж тодорхойлно. Үрийн зулай үнэрлэж, айл гэрийн эзэгтэй болсон насан багын найзууд минь нөгөө л байдаг зангаараа, "хүүе ээ чи минь" гээд мөр алгадаад инээмсэглэх тэр л төрхөөрөө сэтгэлд буудаг болохоор хиргүй тунгалаг юм байна.
Харин хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн, бүхнийг мэдэх гэж хичээсэн тэр он жилүүд бол оюутан нас. Хүсэл сонирхол ижил, ааш араншингаараа төстэй, энэ маань ийм үед ингэдийн гээд үл тоосон шиг суух тэдгээр найзуудаа би оюутны ширээний араас л олж авсан. Хэн нь юунд дуртайг, ямар зүйл шохоорхдогийг андахгүй гэж жигтэйхэн. Эгэл жирийн хэрнээ надад хамгаас эрхэм энэ найзууд минь нөхөрлөл гэдэг үгийн утгыг илэрхийлдэг юм. Өөрт тохиолдсон сайн, муугийн алийг ч ярьсан тэд ойлгох учраас тэр. "Би олон найзтай" гэж хэлэх амархан. Гэвч үнэхээр найзын утгыг илэрхийлсэн найдвартай байх чанарыг эхлээд өөрөөсөө эрэх хэрэгтэй юм шиг санагдана.
Нөгөө томчуудын ярьдгаар одоо л амьдралыг жинхэнэ утгаар нь үзэж, харж, амталж явна, хөөрхий. Ингэж яваад учирсан найзуудаа харин "амьдралын найзууд" гэж нэрлэе. Сайхан бүхнээ дуу аялан хуваалцаж, саар бүхнээ шийдэх гэж "толгойгоо гашилгаж" явахад түшиг болдог болохоор амьдрал бидэнд үнэтэй сургамж өгдөг юм. Хэн нь ч байсан найз минь мөн болохоор найдвар тээсэн бурханы элч гэж би хувьдаа бодно. Унаад босоход ухаарах сэтгэлийн дэм өгдөг байвал тэр найз. Өвдөх гуних үед өрөвдөж бус хайрлаж чаддаг бол тэр найз.
Баяр гунигтай бүхнийг минь хуваалцаж, урам зориг, итгэл найвар өгч, намайг шүүмжилж, басхүү хурцалж байдаг найзууддаа юунаас ч илүүтэй баярлана. Итгэл найдвар тээсэн бурханы элчис болохоор нь та нартаа сэтгэлийн угаас сайхан бүхнийг хүснэ...би. Намайг тойрон хүрээлсэн бүх найзууддаа Сайнаа эгчийнхээ шүлгийг зориулъя.
Найз минь Чамайг сорчилж биш хүндэлж би харьцана
Харин анд минь чи,
Намайг сонжиж биш итгэл өгч шинжээрэй
Найз минь,
Чамайг цуурхлаар биш өөрөө таньж нөхөрлөнө
Харин анд минь чи,
Намайг далд өөлөлгүй өөрт минь хэлж үерхээрэй
Ааш минь амаргүй шүү, уучлахыг хичээгээрэй
Арчаагүй бодолгүй цайлган шүү, ажаарай
Үг минь хатуу шүү, ухаж ойлгохыг мэрийгээрэй
Өөртөө зөв өгч мэднэ шүү, ухааруулж зэмлээрэй
Чи хэрэв мөнгөтэй бол, хааяа зээлж мэднээ
Чамд эрх тушаал бий бол, хэрэг болж магадгүй ээ
Харин чи ядуу бол, өөрт байгаагаа илүүчилнээ
Хамаагүй ээ ядруу байсан ч, дотны хүн чинь байнаа
Нөхөрлөл үнэнч тууштай бол сайхан
Нялуун хачиргүй шулуун бол дээдлэм
Адгийн ховонд самуурахгүй бол бишрэм
Алдаж явахад хөндийрөхгүй бол түшиг
Найз минь
No comments:
Post a Comment