Saturday, October 24, 2015

Бенеттоныхон



             Бусдын түүх, амжилтанд хүрсэн хэн нэгний зөвлөгөө та бидэнд үнэтэй сургамж болдог нь гарцаагүй. Тэрхүү амжилтын түлхүүрийг атгасан хэн боловч өөрийн нууцаа тэр бүр хүмүүст хэлээд байдаггүй гэнэ лээ. Тиймээс өөрт таалагдсан зарим түүхээс сөхөж, блогтоо үлдээе гэж бодлоо.
                                                           
                                                  Гэр бүлсэг ажил хэрэг
            "Юнайтед колорз оф Бенеттон". Энэ нэр танд нэгийг өгүүлэх буй заа. Загвар, үзэмж сайтай, үнэ хямд хувцсаараа алдаршсан фирм. Гэхдээ дуулиан шуугиантай рекламаараа бүр ч их алдаршсан. Чухам "хашхираа" реклам нь "Бенеттоныг" хувцасны тэргүүн фирмүүдийн тоонд оруулсан билээ. Италийн Бенеттоны гэр бүлийн 4 гишүүн 1965 онд "Бенеттон груп" хэмээх хувцас үйлдвэрлэгч компанийг байгуулжээ. Эдний бизнесийн нэг гол онцлог нь зөвхөн гэр бүлээрээ, эвтэй найртайгаар, тэгш эрхтэйгээр ажил хэргээ эрхэлдэгт оршино. Заримдаа энэ л гэр бүлийн харилцаа нь хамгаас млүү байдаг юмуу даа гэлтэй халуун дулаан уур амьсгалтай байдаг улс.
               Ах дүү 4 бүгд Италийн хөдөө нутгийн Венето хотын Тревизо дүүрэгт төрсөн. Тэдний амжилтын түүх 1955 оноос буюу Идэрхэн залуу Лучиано, түүний дүү Жулианагаас эхтэй. Жулиана 5 настайгаасаа л эмээгээ дууриан нэхэж, хатгах дуртай болсон бөгөөд цаг улирах тусам ур чадвар нь ахиж өссөөр, супер нэхмэлчин, моод загварын бяцхан мэргэжилтэн болсон юмсанжээ. Хэзээ нэгэн цагт энэ нь гэр бүлийг нь баян тансаг болгоно гэдгийг хэн ч таамаглаагүй байв. Жулианагийн хүүхэд ахуйдаа нэхсэн цамцыг Лучиано дугуй унан байж зарж борлуулдаг байлаа. Насанд хүрч, бизнес эрхлэх боломжтой болонгуутаа л ах дүү 2 хуримтлуулсан мөнгөөрөө нэхмэлийн машин худалдан авчээ. Энэ нь тэдний балчир багын ажлыг жинхэнэ бизнщсийн голдрилд оруулсан нь мэдээж. Залуусын бүтээгдэхүүнийг чухам л булаалдан авцгаана. Орлого ашиг нь үнэмшмээргүй их өсч байв. Ингээд Лучиано Венето дүүрэгт нэхмэл цамцны жижиг дэлгүүр нээв. Жильберто, Карло 2 дүү нь ч тусд оржээ.
               1965 онд нэг дүү нь Беллуно хотод, жилийн дараа нөгөө дүү нь бүр Парист дэлгүүрээ нээв. Компани нь олон зуун ажилтантай болж, Лучиано захирал, Жильберто зөвлөх, Карло борлуулалтын менежер, Жулиана дизайнерийн алба хашиж байлаа. Одоо Бенеттон дэлхийн хувцас үйлдвэрлэгчдийн хамгийн томоохон нь болсон. Дэлхийн өнцөг булан бүрт тэдний 9 том үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Бенеттон ийм л түгээмэл төдийгүй, чамин дэгжин гэдгээрээ алдартай. 1971-1981 онд Бенеттоныхон маш хурдацтай хөгжиж, үүнээс болж 1977 он гэхэд Итали улс Европын нэхмэл хувцас үйлдвэрлэгч хамгийн том орон болсон юм.
               Үйл ажиллагаагаа өргөжүүлэж, гадагшаа тэлэхээр шийдсэн ах дүүс АНУ, Японд анхны экспорт хийсэн нь маш амжилттай, нүдээ олсон хэрэг байв. 1988 онд Италид худалдаа мухардалд орох үед Бенеттоныхон рекламны аймшигт "бөмбөг"-ийг бэлтгэжээ. Тэд рекламандаа ямар ч хязгаарлалт тавихгүй, зөвхөн олныг гайхашруулсан, цочирдуулсан реклам гаргаж байх болно гэж шийдэв. Үүний тулд хэн бүхэнд таашаагдаад байдаггүй рекламчин Балданог урьж ажиллуулав. Тэрээр дуртай ажлаа чөлөөтэй хийх боломж олдсонд хагартлаа барялаж, ханцуй шамлан ажилдаа оржээ. Аварга арсланд элдүүлэн зугтаж, үхтлээ айсан яваа бүсгүйн зургийг гаргаж ирэв. Алдар цуутай хүмүүсийг элэглэв. Түүхэн үйл явдлыг гуйвуулав. Настан ахмадуудыг залуу болгжо хувиргав. "Бенеттоны" орлого ашиг улам ч их өслөө. Хэл ам, хэрүүл шуугиан ч өслөө, тэр нь ч бас реклам болж хувирав. Хийсэн рекламнаасаа болж Балдано ч хөөгдөж, хямралыг ч даван туулсан байв.
                   Удалгүй Лучиано улс төрд хүч үзэхээр шийдэж, Бүгд найрамдах намаас нэр дэвшин, 1992 онд Италийн Сенатын гишүүн боллоо. Тэд "Бенетто груп"-ээ авч явахын зэрэгцээ "Эдиционе холдинг" компанитай. Тус компаниараа дамжуулан Италийн автозамын 2/3-ыг хянадаг "Автостраде"-гийн 37%, зам дагуух зочид буудлын сүлжээ "Автогрилл"-ийн 67%, мөн Венец дэх "Монако" зочид буудал зэргийг эзэмшдэг. Үе залгамжлагчдаа хэдийнэ нэрлэсэн "Бенеттоны ах дүү дөрвөл" гэр бүлийн бизнесийг маш амжилттай хийж, олон улсын корпораци болгон хөгжүүлсэн түүх ийм.


No comments:

Post a Comment